Friday, April 16, 2010

Азийн эдийн засаг барууныхаас түрүүлэв


Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй орны тоонд Сингапур зүй ёсоор багтаж байна. Тус улс инфляцийн дарамтаас ангижрахын тулд мөнгөний бодлого чангаруулж байгаагаа саяхан мэдэгдсэн. Харин дараахнаас нь Сингапур ам.долларын ханш огцом өсч, нэг ам.доллар 1.3785 Сингапур доллартай тэнцсэн билээ. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед Азийн эдийн засаг барууны орнуудынхыг ардаа орхиж байна гэдгийг эдийн засагчид онцлох болов.

Хятадын хүчирхэгжин тэлж буй эдийн засаг дэлхийн зах зээлд голлох үүрэгтэй оролцож байгаа нь мэдээж хэрэг чухал. Гэхдээ Азийн эдийн засгийн хөгжил нь зөвхөн Хятадаас хамааралгүй байгаа юм. Энэ бүс нутгийн Сингапур, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг олон орон үүнд дэмжлэг болж байгаа аж. Харин эдгээр улсын хувьд эдийн засгийн ямар бодлого баримталж байна вэ.

Сингапурын төв банк уржигдар мөнгөний хатуу бодлого баримтлахаа мэдэгдсэний дараахнаас Австрали, Малайз, Энэтхэг улс бодлогын хүүгээ өсгөнө гэдгээ зарласан. Харин Өмнөд-Солонгос, Тайвань зэрэг орнууд хямралын үед хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлж, хүүгийн түвшинг доогуур барьсаар байна.

Үүний шалтгааныг Хятадтай харьцуулахад эдгээр орны экспортын өрсөлдөх чадвар суларна гэсэн болгоомжлол гэж эдийн засагчид үзжээ.

Бодлогын хүү өндөр байснаар валютын ханшийг чангаруулж, дотоодод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өртөг нь ихэсдэг. Хэдийгээр Хятад юанийн ханшаа өөрчилнө гэх таамаг газар авсан ч яг таг тодорхой болчихсон зүйлгүй. Тиймээс бодлогын хүүгээ өсгөчихвөл экспортлогчдын нуруунд "том ачаа" болох юм.

Сингапурын хувьд энэ оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь өмнөх улирлын дүнгээс 32.1 хувиар өссөн. Энэ бол тус улсын хувьд 1975 оноос хойших хамгийн хурдтай өсөлт гэж эдийн засагчид тооцоолж байна. Харин энэ онд Сингапурын ДНБ 7-9 хувиар өсөх болно гэдгийг тэд бас онцолсон.

Ази дахь эрчим хүчний үйлдвэрлэл ч нэмэгдэж байгаа аж. Филиппин улсын албаны хүмүүс өнгөрсөн мягмар гарагт технологийн эрэлт нэмэгдэж байгаагаас микро схемүүдийн үнэ өссөнийг онцолсон. Үүнээс шалтгаалан тус улсын экспорт өнгөрсөн сард 42.3 хувиар нэмэгджээ. Харин Японд жижиглэн худалдаа, хурдацтай өсч буй зах зээлээс шалтгаалан 2010 онд ДНБ-ий өсөлт нь 1.7 хувьтай гарна гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

Сингапурын зай хураагуурын "Тэй Жих-хсин" компани эрэлт нэмэгдэж байгаа нь инфляцийг хөөрөгдөж буйг онцолсон. Энэ онд тус улсад 2.5-3.5 хувийн инфляци үүснэ гэсэн тооцоо ч байгаа юм. Тиймээс ч 2001 оноос хойш анх удаагаа мөнгөний бодлогоо чангаруулна гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр Сингапур долларын ханш чангарч, дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг хямдаар худалдаж авах боломж нээлттэй болох юм.

Өмнөд Солонгост ажилгүйдлийн түвшин буурч, хүүгийн түвшин доогуур байгаа ч Азийн эдийн засгийн хурдацтай өсөлтөд нэмэр болж байгаа билээ.

Тус улсад ажилгүйдлийн төвшин буурч, ойрын 10 жилд байгаагүй бага хэмжээнд хүрсэн.

Өнгөрсөн хоёрдугаар сард 4.4 хувьтай байсан ажилгүйдэл дараа сард нь 3.8 хувь хүртэл буурсан аж. Энэ оны нэгдүгээр сард бүр 4.8 хувь хүрчихээд байсан юм. Гэхдээ гол төлөв үйлчилгээний салбарт энэ өсөлт ажиглагдаж байгаа аж. Нийтийн үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн салбарт ажиллагсдын тоо 4.2 хувь өсчээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад барилгын салбарт 0.9 хувь нэмэгдсэн бол газар тариалан, загас агнуур, ойн салбарт 12.0 хувиар буурсан аж.

Өмнөд Солонгосын хувьд ажилгүйдлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхэлсний үр дүн нь ийм гарсан гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа аж. Засгийн газрын дэмжлэгтэй уг хөтөлбөрийн хугацаа ирэх зургадугаар сард дуусах юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мүн Бакийн дэмжлэгтэйгээр энэ оны нэгдүгээр улиралд Засгийн газраас 75.5 тэрбум ам.долларыг дэд бүтцийн хөгжил, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулжээ. Цаашлаад 2010 оны төсөвтөө тусгасан төслүүдийнхээ 60 хувийг мөн оны эхний хагас жилд хийж бүтээх аж.

Тус улсын хүүгийн түвшин хамгийн бага буюу ердөө л хоёр хувьтай байдаг. Төв банкнаас нь гаргасан урьдчилсан дүгнэлтээр 2010 онд Өмнөд Солонгосын эдийн засаг сүүлийн дөрвөн жил дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүлэх ажээ.

Азийн дөрвөн барын нэг тус улсын хувьд хөлөг онгоц, автомашин, газрын тосны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Өнгөрсөн онд ДНБ нь 0.2 хувь өссөн. Харин Төв банкнаас нь гаргасан урьдчилсан дүгнэлтээр энэ онд эдийн засгийн ерөнхий үзүүлэлт таван хувь нэмэгдэх юм. Гэхдээ зарим эдийн засагчид тус улсыг бодлогын хүүгээ нэмэгдүүлж, Засгийн газрын хэрэглээг багасгаж эхэлж буйгаас ирэх онд эдийн засгийн өсөлт нь 4.5 хувь болж удааширна гэсэн тооцоо ч гаргасан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын ихэсч байгаатай холбоотойгоор воны ханш улам л чангарах юм. Тус улсын валют воны ханш одоогийн байдлаар 4.7 хувь өсөөд байгаа.

Гэхдээ л Төв банкнаас нь бодлогын хүүгээ нэмэхэд яарахгүй байна. Одоохондоо хамгийн бага буюу дөнгөж хоёр хувийн хүүгээ хэвээр байлгана гэдгийг албаны хүмүүс нь мэдэгдсэн. Гэвч цаашид өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсэх юм. Урьдчилсан судалгаагаар Солонгосын банкны бодлогын хүү нь энэ оны төгсгөл гэхэд гурван хувьд хүрч, ирэх оны зургадугаар сард 3.50 хувь болно гэсэн тооцоо байгаа юм. Тус улсын Засгийн газраас дэлхийн санхүүгийн хямрал эхлэх үеэс хүүгийн түвшинд маш их анхаарч эхэлсэн аж.

Евро бүсийн орнууд гадаад өрөндөө баригдан зовж байхад Ази бүсийн орнууд хямралын дараах арга хэмжээндээ хэдийн ороод эхэлчихжээ. Тиймээс ч "зүүнийнхэн"-нд барууныхныг ардаа орхих боломж ирсэн бололтой.

0 comments: