Friday, April 16, 2010

Эдийн засгийн газар зүйн шинэ ойлголт


Эдийн засгийн газар зүйн шинэ ойлголт
Эдийн засгийн газар зүй хэмээх шинжлэх ухааны салбар хамгийн их сонирхол татсан цаг үе байсан бөгөөд дэлхий дахины их дээд сургуулиудын хөтөлбөрт ордог байсан. Хамгийн гол нь сонгомол эдийн засгийн газар зүйн дэлхийн байгалийн баялаг тэдгээрийн тархалтыг судлаж, баялаг ихтэй орныг эдийн засгийн өндөр чадавхтай гэсэн ойлголтыг нийгмийн ухамсарт төлөвшүүлж байлаа. Тэгвэл өнөө үед байгалийн баялгаар элбэг дэлбэг олон орон баялгаа үр ашиг багатай ашигласнаар ядуурлын түвшинд байгаа бол баялгаар хомсдол бүхий орнууд эдийн засгийн хамгийн баян орнууд болсон байна. Уг санааг тодруулбал Монгол Улс алтан дээр суусан ядуу ард түмэнтэй болсныг дурьдахад хангалттай юм.

Тэгвэл эдийн засгийн газар зүйн шинэ тодорхойлолт нь байгалийн баялагт ач холбогдол бага өгч, харин капиталын янз бүрийн бусад эх үүсвэрт, тэдгээрийн дотроос хүний капитал чухал болохыг онцолж байна. Үүнтэй уялдуулан Азийн баруудын нэг Сингапурын Ерөнхий сайд асан Ли Хуан Ю дуртгалдаа:

-Баялаг нь газар нутгийн эзэмшил, байгалийн баялаг, ашигт малтмал, нефть, байгалийн хийгээс хамаардаг хэмээн ойлгодог байлаа. Гэтэл засгийн эрхэнд хэдэн жил болсны дараа шийдвэрлэгч хүчин зүйл нь хүмүүс бөгөөд тэдний байгалиас өвлөсөн авьяас, олсон боловсрол, мэргэжсэн дадлага гол үүрэгтэйг ойлгосон юм гэжээ.

Капиталын сонгомол тодорхойлолтын өргөтгөл
Орчин үеийн эдийн засгийн онолын номлолоор бол хадгаламж, хөрөнгө оруулалтаар өндөр чанарын капиталын хуримтлал нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч хэмээн үзэж байна. Гэхдээ энд капиталын тодорхойлолтын стандарт хэлбэр өргөтгөгдөн хамгийн багаар 4 үндсэн төрлийн капиталын хэлбэрийг авч үзэж байгаа болно.

1. Капиталын хэвшмэл ойлголтын дагуу материаллаг капитал
2. Боловсрол, Ноу-Хау шингэсэн боловсон хүчнийг бэлтгэл-хүний капитал
3. Нийгмийн капитал. Энд соёл, эрх зүй, шүүх засаглал, ёс заншил
4. Байгалийн капитал

Эдийн засгийн өсөлтийн 6 эх үүсвэр
Капиталын талаарх тодорхойлолтыг өргөтгөснөөр эдийн засгийн өсөлтийн 6 эх үүсвэрийг томъёолж болно.

Эндээс байгалийн баялгаар баян орнуудын хувьд нийтлэг нэг шинж бол эдийн засаг нь дэлхийн зах зээлд байгалийн нөөцийн үнийн хэлбэлзлээс хамааран уналт, өсөлт тогтмол тохиолдож байдаг онцлогтой юм. Үүнийг Монгол Улс ямагт мэдэрч байдаг. 1960 онд эл байдал Нидерландад тохиолдож Нидерланд түүнийг аль хэдийн даван туулж “Голланд” өвчин нэр томъёо хуучирсан болно.

Байгалийн капиталын сөрөг үр дагавар
Харин өнөөдөр ихэнх орон валютын ханшийн өөрчлөлтөөс “Голланд” өвчнөөр шаналхийлж байгааг америкийн эрдэмтэн Сакс, Вагнер нарын судалгаа харуулсан болно. Уг судалгаа нь улс орны эдийн засгийн өсөлт, байгалийн баялгийн нөөцийн хооронд тогтвортой хүчтэй урвуу холбоос бүхий хамааралтайг тогтоосонд оршино.

Тэгвэл байгалийн нөөцийн нөлөөллийн холбоосыг ашиглан эдийн засгийн удаан хугацааны өсөлтийн төлвийг сонирхъё.

Дээрх схемээс харахад байгалийн баялаг нь эдийн засгийн өсөлтийн суурь мэт харагдавч тэр нь өнгөцхөн зураглал бөгөөд мөн чанартаа бусад капиталын өсөлтөд саад учруулдаг гол шалтгаан болдгийг дараах байдлаар тайлбарлаж болно.

1.Байгалийн баялагтай орнууд үйлдвэрлэгчийн талын рентийн чиглэлтэй төлөв байдлаас болж хүндрэлд орж, байгалийн баялгийг нийгэмд бүхэлд нь ашигтайгаар хүртээх боломж нь ямагт хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг рент чиглэлтэй төлөвөөр дамжин эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх шинжээр авилга, тэгш бус байдал үүсгэж улмаар нийгмийн капиталыг уусгаж, өсөлтийг хязгаарладаг байна.

2.Байгалийн капитал нь хүний капиталыг шахаж боловсрол олох түлхэцийг сулруулдаг. Чухамдаа байгалийн баялаг төрийн болон хувийн секторыг хүний капиталын хуримтлалд сонирхол буурах түлхэц өгдөг байна.

3.Байгалийн капитал нь бодит капиталын өсөлтийг зогсонги байдалд хүргэнэ.

4.Байгалийн баялгаас хамааралтай байх нь санхүүгийн институтын хөгжлийг саатуулж хадгаламж, хөрөнгө оруулалтыг хөхиүлэхгүйгээр эдийн засгийн өсөлтийг хязгаарлана.

5.Байгалийн баялаг нь гадны капитал, экспортыг хязгаарлаж болох ба ингэснээр эдийн засгийн нээлттэй түвшин буурах болно.

Дээр дурдснаас урьдчилан дүгнэлт хийхэд байгалийн баялгийг эзэмшихдээ гол нь бус байгалийн баялгийн сөрөг үр дагаврыг арилгах арга барилыг эзэмших боломжоор сул байсанд асуудлын цөм оршдогийг дэлхийн туршлага харуулж байна.

Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай идэвхтэй яригдаж байгаа өнөө үед шинжлэх ухааны талаас хийгдсэн эдгээр дүгнэлтийг зайлшгүй анхааралдаа авах хэрэгтэй байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

Норвегийн туршлага
Норвеги улс газрын тос олборлолтоор дэлхийд Саудын Араб, ОХУ-ын дараа 3-т ордог байна. Норвеги улс газрын тосны нөөцийг ашиглах урт хугацааны хөтөлбөртэй бөгөөд хуулийн дагуу нефтийн орд газрууд төрийн мэдэлд байдаг. Иймд газрын тос, байгалийн хийгээс авах бүх рент төрөөр дамжин Норвегийн иргэд тэгш хүртдэг байна. Эл байдал нь газрын тосны секторт төрөөс зохицуулалт хийх хууль зүйн үндэсийг бүрдүүлж улмаар түүний татварын зарчмыг тогтоодог боломж олгодог. Ингэснээр газрын тосны компаниудтай нягт ажилласнаар 1980 оноос нөөцийн рентийн 80 хувийг Норвегийн Засгийн газар цуглуулж чадсанаар түүнийг тэтгэврийн санд төвлөрүүлж одоо 300 млд.америк доллар болсон ба нэг хүнд 65000 доллар оногдож байна.
Газрын тос олсноос хойш 30 жилд Норвегийн Засгийн газрын аппарат хөрш Дани, Шведээс хамгийн бага зардалтай болсон байна.

Мөн их сургуульд суралцагч залуучуудын тоо 1980 онд нийт залуучуудын 26 хувь байсан бол 2003 онд 80 хувь болтлоо өссөн байна. Гэхдээ Норвеги улсад “Голланд” өвчний шинж тэмдэг бүрэн байхгүй гэж хэлж болохгүй. Тухайлбал, экспортын өсөлт бага, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхгүй, дэвшилт технологи бүхий эдийн засгийн салбарын хөгжлийн динамик ажиглагдахгүй байгааг дурдаж болно.

Товч дүгнэлт
Сул орж ирэх мөнгө сайн зүйл биш. Тэр нь богино хугацаанд ашигтай ч дараа нь түүний гамшгийг амсах цаг ирнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм эрсдэлийг багасгахын тулд байгалийн баялгийг ашиглахдаа дэлхийд өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн бусад салбарыг буй болгох, нөөц болгон оновчтой хөгжлийн стратегийг боловсруулах хэрэгтэй.

Профессор С.Будням /Үндэсний хөгжлийн хүрээлэн/

1 comments:

Mike said...

hhe huuhed yughuusduu tegul :P