
-Ингэснээр 20 жилийн дараа ажиллах хүчний хомсдолд орохгүй-
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн сарын мэдээллээр нас баралт ихэсч, төрөлт хэвийн гэсэн үзүүлэлт гарчээ. Манай улсын хүн амын цонх одоогоос 20 жилийн дараа хаагдах тул нас баралт ихсэх нь сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, нас баралт буурахгүй, төрөлт ихсэхгүй байх нь хүн амын цонхыг удаан барьж чадахгүйд хүрэх юм. Хүн амын цонх хаагдсанаар нийгэм, эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлдгийг тус хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгээс тодрууллаа.-Манай улсын хүн амын төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн дүн харагдаж буй боловч ерөнхий хандлагаар нь авч үзвэл буурч байгаа. Өнгөрсөн онд хүн амын өсөлт хэдэн хувьтай байв?
-Өнгөрсөн онд 1.9 хувийн өсөлттэй гарсан. Манай улсын хамгийн өндөр өсөлттэй байсан жил нь 1970-1980 он. Тухайн үед жилийн дундаж өсөлт 2.9 хувьд хүрсэн. Үүнээс хойш буурсаар таван жилийн өмнөөс л төрөлт нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжиж хүүхдийн мөнгө өгч эхэлсэнтэй холбоотой.
-Жилд дунджаар 50 мянган хүн шинээр төрж байна гэж үздэг. Тэгвэл төрөлт хэдэн хувьтай байвал хөдөлмөрийн насны хүн ам буурахгүй нөхөгдөх вэ?
-Хүн амын өсөлт онолын хувьд 2-3 хувьтай байвал боломжийн гэж үздэг. Одоогоор манайх хоёр сая 735 мянган хүн амтай. Өнгөрсөн оны жилийн эцсээр хоёр сая 683 мянган хүн амтай гэсэн тоо гарсан. Үүнээс харахад жилд дунджаар 50 мянган хүн нэмэгдэж байна гэсэн үг.
-2-3 хувьтай байхад хөдөлмөрийн насны хүн ам нөхөгдөнө гэлээ. Энэ нь жилд хэдэн мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн үг вэ?
-80 мянгаас дээш хүн жил бүр төрвөл хөдөлмөрийн насны хүн ам нөхөгдөнө. Төрөлт өндөр байх үед төрсөн хүмүүс 18 жилийн дараа хөдөлмөрийн нас руу шилжин ирж, эдийн засгийн идэвхтэй хүн амыг бүрдүүлдэг. Үүнийг хүн, амын цонх нээгдэх гэдэг. Тиймээс гэр бүлүүд дор хаяж дөрвөөс олон хүүхэд төрүүлэх хэрэгтэй.
-Тэгэхлээр манай улсын хүн амын цонх хэдэн онд нээгдсэн юм бэ?
-2005 оноос эхэлсэн.
-Хүн амын цонх хаагдахад нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хаагдана гэдэг нь хөдөлмөрийн насны хүний тоо цөөрч, олон хүнийг тэжээнэ гэсэн үг. Одоогоор нэг хүн 1-2 хүнийг тэжээж байна. Тухайн үед энэ тоо 4-5 болж өснө. Хамгийн энгийнээр, нийгмийн баялаг бүтээдэг үйлдвэрлэгчдийн тоо буурна гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн өсөлт буурч, ажиллах хүчний хомсдолд ордог. Үүнээс гадна хөдөлмөрийн насны хүн ам буурахад нийгмийн халамж, тэтгэвэр авдаг иргэд нэмэгдэнэ. Төр одоогийнхоос илүү зардал гаргах юм.
-Хөдөлмөрийн насны хүн ам одоогоор хичнээн байгаа бол?
-Хөдөлмөрийн насны хүн амын тоо өнгөрсөн сарын байдлаар нэг хувиар нэмэгдэж 1.7 сая болсон.
0 comments:
Post a Comment