Friday, April 16, 2010

Барак Обама: Дэлхийн эдийн засаг юаниас хамаарна


АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашингтонд болсон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлд ярилцлага өгчээ.

-Уулзалт таны хүссэн хэмжээнд болж чадсан уу?
-Сайн гэхэд хэцүүхэн уулзалт байна. Иран улс энэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь олны ундууцлыг хүргээд байгаа. Тэдэнд цөмийн зэвсэг байхгүй гэж мэлзээд байх хэрэггүй. Түүнийгээ устгах хэрэгтэй. Тэгээд ч холбогдох газраас Ираны эсрэг хориг арга хэмжээ авах болно шүү гэж анхааруулга өгсөн.

-Хэдийнээс хориг арга хэмжээг авч эхлэх вэ?
-Үүнийг НҮБ-ын аюулгүйн зөвлөл, НАТО авч хэлэлцэнэ. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Бид Иранд дахин дахин сануулж байгаа.

-Америк улс 2012 онд цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах боломжтой юу?
-Бид цөмийн зэвсгээ одооноос цөөлж эхэлнэ. Энэ бол бүтэхгүй зүйл биш. Харин Вашингтоны уулзалтад ирсэн 47 орны удирдагч энэ асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хоёр цөмийн бөмбөг хэрэглэхэд дэлхий маань сүйрлийн ирмэгт ирнэ. Үүнийг та ч, би ч ойлгох нь чухал.

-Та хурал дээр цөмийн зэвсгийг хэрхэн өөрөөр ашиглах тухай ярилаа. Үүнийг тодруулбал?
-Гэрээний дагуу улс орнууд цөмийн цэнэгт хошуугаа устгалд оруулахаасаа өмнө дахин өөр зүйлд ашиглах тухай бодох хэрэгтэй. Жишээлбэл, цөмийн цэнэгт хошуунд ордог уран, гидрофон зэргийг цахилгаан гаргаж авахад хэрэглэж болно. Зүгээр ч нэг устгачихгүй өөр зүйлд ашиглах нь зүйтэй. Хэрэв газар доор, далайд, агаарт устгавал гарах үр дагаврыг Алжирын жишээнээс харж болно.

-Цөмийн үйлдвэрлэлээ зогсоолоо гэхэд тухайн улсын аюулгүй байдал яригдана. Мөн Аль-Кайда, Хамас болон бусад алан хядах бүлэглэл цөмийн бөмбөгтэй гэх хардлага байгаа?
-Тэдэнд цөмийн бөмбөг байх магадлал өндөр. Учир нь исламын шашинтай бүлэглэлд Иран, Пакистан улс зэвсэг нийлүүлдэг гэх баттай баримт байхгүй ч, хардах үндэслэл бий. Бид тэднийг цөмийн зэвсэг хэрэглэхээс нь урьтаж өөрсдийг нь устгах ёстой. Уг үндсээр нь шүү. Үүний тулд манай улс Афганистан, Иракт цэргийн ажиллагаа явуулж байгаа.

-Дэлхийн улсууд энэхүү гэрээг зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ?
-Үүнийг НҮБ-аар хэлэлцэж байж шийднэ. Гэхдээ гэрээнд тусгаснаар хориг арга хэмжээ гэж бий. Үүнийг хэрэгжүүлнэ.

-Та саяхан Хятадын ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаад юанийн ханшийг буулга гэсэн. Үүний учир нь юу вэ?
-Судлаачид ирээдүйд дэлхийн эдийн засаг уналтад орох нь ихсэх магадлалтай хэмээн үзээд байгаа. Энэ нь өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн хямралаас ажиглагдсан. Одоо ч гэсэн хямралаас гараагүй улс орнууд байна. Хэрэв Хятад юанийн ханшаа буулгах бодлого хэрэгжүүлэхгүй бол дэлхийн эдийн засаг дахиад уналтад орж болзошгүй. Хэрэв тэд буулгавал дэлхийн 50 гаруй орны мөнгөний ханш дагаад бууна.

-Тэгвэл дэлхийн эдийн засаг юанийн ханш ямар байхаас шалтгаалж байгаа хэрэг үү?
-Тэгж хэлэхэд буруудаад байх зүйлгүй. Яагаад гэвэд дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн 40-50 хувийг Хятад улс хангадаг. Мөн тус улсын гадаад худалдааны эргэлт жил ирэх тусам өсч байгаа.

-Олон улсын валютын сан (ОУВС) юанийг 2020 он гэхэд валют болно гэсэн таамаглал дэвшүүлсэн. Энэ нь ам.долларт ямар нөлөө үзүүлэх вэ?
-ОУВС-ын таамаглал оргүй зүйл биш. Хэрэв биелэлээ олбол ам.доллар, еврогийн ханш бууж, улмаар ашиглагдахгүй хэмжээнд хүрч болзошгүй юм. Эдийн засагчид үүнийг үгүйсгэхгүй байгаа. Бид үнэндээ юанийн эсрэг ямар нэгэн зүйл хийгээд нэмэргүй болсон.

-Та саяхан ОХУ-тай цөмийн зэвсгээ харилцан багасгах гарын үсэг зурсан. ОХУ-ыг энэхүү гэрээг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу?
-Тэд чинь Оросууд шүү дээ. Бид итгэж байгаа. Хэрэв гэрээг зөрчвөл дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг олон талын хориг арга хэмжээ авна. Дахиад хүйтэн дайн эхлүүлэхийг хүсэхгүй нь тодорхой.

-Харин үл довтлох гэрээний тухайд?
-Үүнийг Ж.Бушийн үед гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаас хойш яригдаагүй байна. Оросууд гэрээг шинэчлэх талаар дурьдсан. Асуудлыг аюулгүйн зөвлөл нягталж үзнэ. Би шийдчихдэг асуудал биш шүү дээ.

-Та Киргизстанд үүсээд байгаа байдлын талаар ямар бодолтой байна?
-Киргизстан, Америк хоёр хамтын ажиллагаатай улсууд. Ийм зүйл болж байгаад миний хувьд сэтгэл зовинож байна. Энэ бол тэдний шийдвэрлэх асуудал болохоос бусад нь оролцоод байх нь утгагүй. Бид зүгээр хөндлөнгөөс ажиглах хэрэгтэй. Харин хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийн тал дээр гар сунгана.

-Таны бодлоор Киргизийн улс төрийн хямрал юунаас болж, яагаад үүсэв?
-Ямар ч улсад ийм зүйл болоход ард түмний биш улстөрчдийн буруу байдаг. Тэд улс орноо удирдан зохион байгуулахдаа алдаа гаргаснаас ийм хэрэг үүсч байгаа юм. Мөн улс төрийн буруу бодлоготой холбоотой. Иргэдийнх нь авч байгаа цалин бага учраас амьдралд нь хүрэлцэхгүй байна. Үүнээс болж иргэд төрийнхөө эсрэг жагсаал цуглаан явуулдаг. Дийлэнх улс цэргийн хүчээр бослогыг дарахыг илүүд үздэг нь буруу. Учир нь ард иргэдийг тайван байдлаар тараах, намжаах хэрэгтэй. Хэнийг ч өөдөөс буудвал хариу ямар нэгэн зүйл хийнэ биз дээ.

-Тус улсад танай цэргийн бааз байдаг шүү дээ. Мөн оросын цэргийн бааз байрладаг. Энэ нь танай цэргүүдийн аюулгүй байдалд нөлөөлөх болов уу?
-Нөлөөлөхгүй. Бид Аль-Кайда бүлэглэлийг устгах зорилготой Киргизэд цэргийн бааз байгуулсан. Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевтай хамтран ажиллах гэрээтэй байгаа. ОХУ-ын цэргийн баазтай хамт байна гэдэг ямар ч улсын ерөнхийлөгчийн хувьд санаа зовохоор асуудал. Гэхдээ бид чинь хүйтэн дайныг ардаа орхисон. Яагаад хамт байрлаж болохгүй гэж. Тэд өөрсдийн үүргээ гүйцэтгэж байгаа цэргүүд. Иймээс элдэв далд санаа байхгүй.

-Саяхан "Жи Ви Жэй" мэдээллийн алба "Киргизэд цэрэг илгээх асуудлыг Пентагон Цагаан ордонд тавьсан" гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болов?
-Конгрессийн хуралдаанаар энэ асуудлыг дэмжүүлэх гэж Пентагон их хичээсэн. Хэрэв шийдэгдчихсэн бол дотоод болон гадаадын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Миний хувьд энэ асуудалд байр суурьтай хандана. Энэ мэдээлэл гарч, улс орныг эвгүй байдал оруулсанд харамсаж байна. Бид хэзээ ч Киргиз руу цэрэг илгээхгүй.

0 comments: